Цаст уулын Цагаан Ирвэс
Лекц гэснээс гадаадын том уулчдын намтар түүхийг уншиж байхад тэд том том компаниудын Гүйцэтгэх захирлууд (CEO)-д эрсдэлийн удирдлагын хичээл заадаг, тэдэнтэй хамтарч ажилладаг, түүгээрээ цалинждаг юм байна. Мэдээж өндөр ууланд авирна, экстрем спортоор хичээллэнэ гэдэг бол Таны амьдралын ихэнх хугацаа үүнд зориулагддаг учраас эрсдэлийг даван туулах өөрийн гэсэн арга техниктэй болсон байдаг байх. Энэ талаараа монголынхоо том компаниудын захирлууд, байгууллагуудад лекц унших, хичээл заах төлөвлөгөө бий юу?
- Миний лекц ихэнхдээ уулын спортынхоо сэдэвтэй, танин мэдэхүйн чиглэлийн, мөн яаж амжилтанд хүрэх вэ, яаж өөрийгөө ялж дийлэх вэ, яаж хөдөлмөрлөх вэ гэдэг уулынхаа спортыг түшиглэсэн лекцүүд байдаг. Энэ чиглэлийн юм сонирхдог хүмүүс урьж лекц уншуулдаг л даа. Бас цэргийн ангиудад яаж тэвчээртэй эх оронч байх вэ зэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх чиглэлээр сүүлийн хоёр, гурван жил лекц уншиж хамтарч ажиллаж байна. Мөн Төмөр зам зэрэг олон байгууллагад лекц уншсан. Ер нь лекц уншуулья гэсэн захиалга их ирдэг. Харамсалтай нь миний зав болохгүй хойшлуулаад байх тал бий.
Түрүүн Та бид хоёр Райнхолд Месснерийн тухай ярьсан. Райнхолд Месснер 2009-2014 онд Италийн Ногоон намаас Европын парламентад гишүүнээр сонгогдож байсан юм билээ. Парламентын гишүүн байхдаа байгаль орчин, хүний эрхийн асуудал хариуцаж ажиллаж байсан. Танд хэзээ нэгэн цагт улс төрд орж парламентын гишүүн болоод уулын спортыг Монголд хөгжүүлэх, за тэгээд ганц уулын спорт гэлтгүйгээр бусад спортын төрлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах юмсан гэсэн холын бодол бий юу?
- Яг үнэндээ надад спортоос гадна байгаль орчны асуудал миний сэтгэлд байнга байдаг. Гэхдээ би сайн мэдэхгүй байна. Заавал улс төрд орж байж үүний төлөө явах юм болов уу эсвэл өөр арга байна уу. Ер нь улс төр чинь жаахан түвэгтэй юм биш үү. Би улс төрөөс их хол шүү дээ. Спортынхон угаасаа улс төрөөс хол байдаг. Одоогоор бол тийм төлөвлөгөө байхгүй байна. Харин улс төрд орж байж л байгаль орчны, уулын спорт, аялал жуулчлалын талаар миний бодож санаж явдаг зүйл хэрэгжих хэрэгтэй гэвэл би ороход бэлэн. Гэхдээ өнөөдөр биш, маргааш биш. Ер нь олон асуудал нүдэн дээр харагдаад байдаг л даа. Яагаад гэвэл би дэлхийн долоон тивийн ноён оргилд авирахад олон улс орны байгалийг харж явлаа шүү дээ. Тэдгээр орны үндэсний парк нь ямар байдаг гэдэг ч юм уу, манайх нэг тэгчихмээр л байх юм даа гээд боддог. Тэгэхээр энэ бүхнийг заавал улс төрд орж байж хэрэгжүүлэх ёстой юм уу эсвэл хэлж яриад хэрэгжүүлж болдог юм уу би сайн хэлж мэдэхгүй байна. Энэ талаар би хэзээд дуугарах болно, ярих болно. Хэрвээ миний дуу хоолой заавал улс төрд орж байж л хүнд хүрч байгаа бол би улс төрд ороход бэлэн л гэж бодож байна. Гэхдээ улс төр бол хэцүү. Яг үнэндээ бол түүнийг болж өгвөл хүсмээргүй байна...
цааш унших
Ярилцсан хөтлөгч, редактор
Лхагважавын Сэлэнгэ
"СҮЛД" телевизийн "Сувд" нэвтрүүлгээр Монгол Улсын Гавьяат тамирчин,
Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа-тай хийсэн
ярилцлагыг Та бүхэндээ хүргэж байна.